“Нүүрсний хулгайд эрх баригчдын 40 хувь нь холбоотой учраас ил гаргаж чадахгүй байна”
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2022.12.06/ хуралджээ.
Энэ талаар Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Цаг үеийн асуудлаар хуралдлаа. Ард иргэд, залуус ууртай байна. Яагаад ийм байдалд хүрэв гэдэгт Ардчилсан нам байр сууриа илэрхийлэх ёстой. Өмнө нь хэлж байсанчлан улстөрчид амьдралыг гоёчилж байна. Телевизээр ярьж байгаа зүйл нь хөргөгч дэх бодит амьдралтай нийцэхгүй байна.
Иргэд ядуурч байна, орлогогүй болж юмны үнэ өсөөд байна. Тийм учраас иргэд хэчнээн гоё юм ярьсан ч хүлээж авахаа болилоо. Жагсаал хийж буй залуучууд бид Монголдоо амьдарч байж Солонгос явахыг мөрөөддөг баймааргүй байна л гэлээ.
Ардчилсан намын төлөөлөл бид төрийн бодлого мэтгэлцээний зарчмаар явах ёстой байтал нэг намаа хэт хүчгүйдүүлж, нухчин дарж ирсэн гор одоо гарч байна. Бид 20 их наядын төгрөгийн төсөв батлах гэж хэчнээн хуралддаг билээ. Гэтэл 40 их наяд төгрөгийн, Монгол Улсын төсвөөс том хэмжээний нүүрсний хулгайн тухай ярьж байна.
Эх баригч намын 62 гишүүний 30-40 нь их, бага хэмжээгээр нүүрсний хулгайтай холбоотой гэсэн мэдээлэл бий. Тийм учраас ил гаргаж чадахгүй байна” гэлээ.