Үүрээр утас дуугарч автал ээж уйлаад хүү минь аав чинь бурхан болчихлоо гэж хэлээд…

Тэртээ хэдэн жилийн өмнө хотын дуу чимээ түгжрээнд аав ээж дээрээ чих нь битгий хэл утсаар ч ярих завгүй амьтан ажил гэж гүйсээр хэдэн хүүхдээ тэжээж байлаа. Аавынхаа хамгийн бага хүү нь болохоор амины ганц нь байсан.

Ээж минь хаа нэг сүлжээ бараадаж надтай ярихдаа хэзээ ирэх вэ гэж үргэлж асуудаг байж билээ. Үрээ санах эцэг эхийн сэтгэлийг мэдэхгүй би гэж тэнэг амьтан ажил ихтэй байна наадмаар л очно гэж хэлээд тасалдаг байлаа.

Үрд гэж андуурч явсан өөрийгөө одоо ч зүхдэг. 2011 оны 2 сарын 3 өглөө. Туулай жил гарч шинийн нэгний өглөө. Цайгаа уучхаад аавынхаа гэрт очно доо гээд эртлэн босож нарандаа залбираад зогсож байтал утас дуугарлаа. Ээж минь залгаж байв.

Ийм эрт хүүгээ ирж байна уу гэж залгаж байгаа юм байхдаа хэмээн бодож утсаа автал мэгштэл уйлах ээжийн ярианаас аав чинь бурхан болчихлоо гэдэг үгийг сонсоод үгүй байлгүйдээ гэж дотроо залбирч бушуухан яваад очлоо.

180км зайны газарт ганцхан цагийн дотор л яваад очсон. Үүд нээгээд ортол аавыг минь цагаан даавуугаар бүтээчихсэн байсан. Тэрийг хараад нулимсаа барьж дийлээгүй ээ. Хүрч очоод элгийг нь нэг дэвтээх минь яав даа гэж их л харамсдаг юм байна лээ.

Алтанхайрцагийг нь нээлгэх үед хамгийн отгон хүүгээ их харуулдсан байна гэсэн. Тэр үед хэлэх үг олдоггүй юм байна лээ. Ээжийгээ хараад их өрөвдсөн.

49 хоног дуустал дэргэдээс н нэг ч холдоогүй. Ханилсан хань ижиллээ алдах шиг хатуу зовлон байдаггүй байх. Нүдэн ит турж сэтгэлээр унах ээжийнхээ дэргэд гэр бүлээрээ нүүж ирсэн.

Хөл нь газар хүрэхгүй баярлаж билээ ээж минь. Одоо бол таван хошуу малынхаа буянд ээжийгээ асарч тойглож эрүүл агаарт сайхан л амьдарч байна. Амьд сэрүүн байхад нь аавдаа л үнсүүлэх минь гэж одоо хэрнэ харамсдаг.

Аав ээжийгээ амьд сэрүүнд л хайрлаарай…

Leave a Reply

Your email address will not be published.