Гай барцдаас гэтэлгэгч “ЦАХИРЫН ХОЁР ШҮТЭЭН” дарж ороод залбираарай

ЦАХИРЫН ХОЁР ШҮТЭЭН 2015 оны намар байсан газраасаа “хулгайлагдаад” УБ хотын нэгэн айлын хашаа хүртэл зөөгдөж, дараа нь ил болж баригдаад Гандантэгчэнлин хийдийн хашаанд хүмүүсийг хуйлруулсан “занданшсан шарил”-ын тухай санаж байгаа байх. Эдүгээ энэ шарил Архангай аймгийн Цахир сумын нутагт “эргэл мөргөлийн аялал”-ын нэг “ҮЗМЭР” болжээ. Зарим хүмүүс “үхсэн хүнийг шүтэж, мөргөнө гэдэг хий хоосон мухар сүсэг” гэж үздэг.

Зориуд зорьж очоод ямар нэгэн зүйл гуйж хүсэж байгааг нь харахад, магадгүй “бөө мөргөлд өвөг дээдсийн сүнс”-тэй харьцдагтай адил хэмээн хүлээж авдаг байх. Энэ газарт ирж таарвал амьд ахуйдаа ламын эрдмийг гойд гаргуун эзэмшиж, эд хөрөнгө, сэтгэлийн шуналаа хаячихсан эгэлгүй шидтэн болж чадсан тэр их төвлөрөл, ухаарал, гэгээрлийг нь үнэлэн “хүндэтгэх” учиртай болов уу. Манай монголчуудын зарим нь юуг шүтэж байгаагаа мэддэггүй юм шиг санагддаг учраас энэ агуулгыг орууллаа.

ӨВГӨН ГЭСЭР ЛАМ … хэмээн алдаршсан Энэтхэгийн 81 шидтэн дүвчингийн нэг, тойн эрдэнэ Ц.Чүлтэмжамц гэдэг хүн бөгөөд Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу, “Алтат толгой” хэмээх газарт 1816 онд мэндэлж 1894 онд жанч халжээ. Өндөр биетэй, алаг нүдтэй, ширвээ сахалтай, гонзгой бор царайтай хүн байсан гэдэг. Түүний ер бусын ид шид, увдисын талаар ам дамжсан олон яриа бий.

БАГААСАА ШИДТЭН: Чүлтэмжамц багадаа эцгээс өнчирч эхийн хамт төрсөн нутгаа орхин ээжийнхээ ах дүү нарыг барааджээ. Өсвөр насандаа адуу малтай ноцолдохын хажуугаар Тариатын хүрээнд шавилан суусан гэдэг. Шавилж байхдаа олон удаа багшийгаа гайхашруулжээ. Нэгэн шөнө багш нь “Чүлтэм чи байна уу” гээд гэрэл гаргаад босож очоод хартал, өшиглүүрэндээ дээлээ хийгээд хүн унтаж байгаа юм шиг тавиад, ханын толгойд эрхээ өлгөсөн байсан нь өөрөө шажигнан эргэж байв гэнэ.

Багш нь суун тусаж залбираад өөрөө эргэлдэж буй эрихнээс нь адис авч, орондоо ороод нойр нь хүрэхгүй хэвтэж гэнэ. Үүр дөнгөж цайх үед Чүлтэм хүү сэмээрхэн орж ирээд ор руугаа орчихож гэнэ. Өглөө эрт босонгуутаа багш нь “өнөөдрөөс эхлээд чи миний багш, би чамд ном заана гэж юу байхав, надад чи адис тавь” гэжээ. Чүлтэм “яалаа гэж би номын багшдаа адис тавих билээ” гэхэд багш нь “чиний ид шидийг олон удаа үзэж харлаа, чи ч замаа хөө, би ч замаа хөөе” гэжээ. Тэр цагаас хойш Чүлтэм хүүг хотол олноороо хүндэтгэн хүрээлэх болжээ.

ЗАЙРАНТАЙ ХҮЧ ҮЗСЭН НЬ: Дархадын бөө Гэсэр ламтныг “эрдэм чадлаараа үзэлцэе” гэж хэд хэд дуудаж гэнэ. Гэсэр ламтан хоёр шавиа дагуулаад Эгийн даваа руу явжээ. Нэг шавь нь Санжжав аграмба (нөгөө хулгайлагддаг шарил), нөгөө шавь нь Лүнрэг Дандар оточ (Монголын уламжлалт анагаах ухаанд маш алдартай) хоёр байсан гэдэг. Гурвуулаа Эгийн даваанд хүрч очтол цахилгаан цахилж, ширүүн бороо асгаран үер буугаад тэр хавийн уул ус хилэгнэж байв гэнэ.

Гэсэр ламтан хоёр шавиараа даруйхан гурилан хүн хийлгээд, хийлгэсэн хүнээ дээш доош нь харуулж элдэвлээд тарни уншаад байж гэнэ. Тэгтэл уулнаас бууж буй үерийн ус тэр гурвын жодгорынх нь хоёр талаар оволзон урсаж байгаад удалгүй намджээ. Гэсэр лам хоёр шавьдаа “энэ лянгийг (гурилаар хийсэн хүн) биеийг нь эвдэлгүй эргүүлж тойруулж байгаарай.

Одоо хүмүүс ирээд намайг аваад явна” гэжээ. Удалгүй баахан хүмүүс ирээд “манай зайрангийн бие нь муудаад янз янз болоод байна, та л очиж аргал” гэцгээжээ. Очтол дархад зайран нумраад татчихсан байж гэнэ. Гэсэр ламтан тарни номоо унштал зүгээр болчихож гэнэ. Энэ үед хоёр шавь нь манай багш одоо л очсон байгаа гээд гурилан хүнээ тэгшилж засаад тавьжээ. Гурилан хүний хөлийнх нь улыг ар дагзанд нь хүргэчихсэн учраас дархад бөө тийнхүү татсан байж гэнэ. Дараа өдөр нь дархад зайран Гэсэр ламд бууж өгсөн гэх хууч яриа бий.

ЭЛДЭВ ХУУЧААС…: Далай чойнхор ванг Их Хүрээ явах гэтэл хойт Тэрхийн цагаан гол үерлээд явуулахгүй тарган морь, амбан шар голын усанд живж байж гэнэ. Гэсэр ламтныг дуудаж тарни уншуултал морины олом таталгүй гараад явчихсан гэдэг. Тариатын хүрээний гол Зуу сүмийн мөнгөн цөгц хулгайд алдагдчихжээ. Гэсэр ламтан урьд даваагаар даваад явсан нэг бадарчин авсан юм байна.

Даваан дээр нь нохойн дүрстэй лянга хийгээд туу туу гэж хэлээд булчихаарай гэжээ. Тэгтэл нөгөө бадарчин нохойд туугдан хөөгдсөөр цөгцөө барьчихсан буцаад ирсэн аж. Нутагт нь малын боом өвчин гарсанд Гэсэр ламтан “боомтой малын мах аваад ир” гээд авчирсан махыг нь ганцаараа чанаж идээд боом өвчнийг дарсан… гэх мэтээр Гэсэр ламтны шид авъяасын тухай яриа нутгийн ардын дунд их байдаг ажээ.

ХОС ОРШИНОЛ: Зурагт буй хоёр суварга нь Архангай аймгийн Цахир сум, Тарвагатайн нурууны үргэлжлэл Содномдаржаа ууланд хэдхэн жилийн өмнө байгуулагджээ. Суварган дотор Тойн-Эрдэнэ Чүлтэмжамц буюу Өвгөн Гэсэр лам, түүний шавь Цорж-аграмба Санжжав нарын “занданшсан шарил” буй бөгөөд эдгээрийг ХОС ОРШИНОЛ хэмээн нэрлэж, зорьж очих замд буй Тэрх гол дээгүүр гүүр хүртэл байгуулжээ.

Гэсэр багш жанч халахын өмнө “Миний цогцос шарилыг Хөх нуурын эхний гурван оньсны дундах сэтэрхий дээр бунхалж нутаглуулаарай. Би тэнд албингийн гүйдлийг хаагаад хэдэн үеэр сууж байя. Тэгвэл энэ нутаг усныханд аюулт өвчин тахал, зовлон гачаал тохиохгүй, идэх уухаар элбэг, амар амгалан аж төрнө” хэмээн айлджээ.

Жич: Энэхүү Өвгөн Гэсэр ламтан, Санжжав аграмба хоёрын шарилыг Гандан хийдийн Д.Чойжамц хамбатан “Итгэлт хамбаас ч илүү шидтэй юм” гээд хэлчихсэн аж. Тэгээд л хүмүүс хуйларсан гэж ойлгосон. Нэг бодлын харь нутгийн уул ус, шүтээнд хамаг мөнгө хөрөнгөө зарж байхаар өөрийн нутагт үлдээсэн нь дээр.

Leave a Reply

Your email address will not be published.